НИТХ-ын төлөөлөгч, Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар удахгүй болох монгол түмний уламжлалт цагаан сарын баярыг тохиолдуулан дүүргийнхээ ахмад настнуудын төлөөлөл болох 5, 25-р хорооны ахмадуудад халдвар хамгааллын дэглэмийг баримтлан гарын бэлэг, мэндчилгээг гардуулан өглөө. Тэрбээр “Коронавируст “Ковид-19” цар тахлын нөхцөл байдлаас үүдэн хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулж болохгүй учир Баянгол дүүргийнхээ 25 хорооны 2500 ахмад настанд гарын бэлэг, мэндчилгээг хүргүүлж байна. Энэ сарын 11-ний өдрөөс эхлэн Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийн үед нийслэлийн хэмжээнд “Нэг хаалга-Нэг шинжилгээ” тандалт илрүүлгийн шинжилгээг зохион байгуулна. Иймд та бүхэн минь энэ уламжлалт сайхан баяраа гэр гэртээ халдвар хамгааллынхаа дэглэмийг баримтлан тэмдэглээрэй. Эрүүл энх, сайн сайхан бүхнийг та бүхэндээ хүсч байна” гэлээ.
БГД-ийн хэмжээнд дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 10500 өрхөд хүнсний тусламжийн багц, гэр хорооллын 8650 өрхөд 6487,5 тонн сайжруулсан шахмал түлшийг иргэддээ үнэ төлбөргүй олгоод байна.